Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Улс төрийн намын тухай хуульд “Сонгуулийн төв байгууллага жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хуульд заасны дагуу төлөвлөн тооцож, тогтоол гаргаснаа нийтэд мэдээлсэн юм.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, олгохоор хуульчилсан. Хуулийн хугацаанд 28 нам тайлангаа ирүүлснийг аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасан. Эдгээрээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намд 2025 онд олгох төрийн санхүүжилт, дөрвөн жилд нэг удаа олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хуралдаанаар хэлэлцэв.
Төрийн санхүүжилтийг нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд жил бүр (УТНТХ-ийн 27.5), хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрч болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоотой хамааруулж нэг удаа (УТНТХ-ийн 27.7) олгохоор хуульд заасан.
Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэний өгсөн хандив, хуулийн этгээдийн өгсөн хандивын зэрэг нийт 4 төрлийн орлогын нийлбэрээс хоёр дахин их, эсхүл түүнээс илүү байж болохгүйг Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл улс төрийн нам зөвхөн төрийн санхүүжилт, дэмжлэгээр үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд энэхүү зохицуулалт нь улс төрийн нам үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах, дотоод ардчиллаа бэхжүүлэх хуулийн шаардлагатай шууд холбоотой юм.
Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасан зохицуулалтын дагуу төрийн санхүүжилт авах эрх бүхий долоон нам, эвслийн санхүүгийн тайланг хянаж үзэхэд Үнэн ба зөв нам нь 2024 онд хуульд заасан дээрх дөрвөн төрлийн орлогогүй тул энэ жилийн хувьд төрөөс олгох санхүүжилт тогтоогооүй, харин Үндэсний эвсэлд нэгдсэн намуудын орлогын нийлбэр санхүүжилтийн дээд хэмжээнд хүрээгүй тул төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ нь энэ жилийн хувьд буурч олгохоор шийдвэрлэлээ. Бусад нам, эвслийн тухайд санхүүгийн тайлан хуульд заасан шаардлага хангаж байгаа тул төрийн санхүүжилтийн дээд хэмжээнд заасан дүнгээр санхүүжилт олгохоор тогтов.


