ДЦС-4 ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58,7 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 54,8 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм. Гэтэл өнөөдөр энэ үйлдвэр ажиллах боловсон хүчний нөөцгүй, 30 гаруй жил насаараа ажилласан мэргэжлийн ажилтнууд нь "Ү.Төмөрхуяг дарга аа, Тэвчээр тасарлаа" хэмээж байна. Байнгын дарамт, айдас хүйдэс дунд ажилладаг тэд ажиллах урам зориггүй болж, хэн хэрхэн матах бол, хэрхэн ялгаварлан гадуурхах бол хэмээн түгшихээс бус шинийг эрэлхийлэн, ажилдаа амжилт гаргах тухай бодохыг ч хүсэхээ байжээ. Хуучны арга барилдаа хүлэгдсэн, загнаж зандрахаа захирлын ажил гээд ойлгочихсон Ү.Төмөрхуяг мэтийн дарга нар намын томилгоогоор албан тушаалд ирдэг ч хамт олноо нэгтгэх бус эсрэгээрээ байгууллагаа самрах нь бий. Тэдний нэг Ү.Төмөрхуяг дарга аж. Түүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ойрын хамааралтай гэгддэг ч үнэхээр тийм болоод ийм эзэрхий, түрэмгий аашилдаг уу эс бөгөөс нэрийг нь бариад байна уу гэдэг нь ч тодорхой бус. Ямартай ч, эрчим хүчний хамгийн том үйлдвэрийг удирдах, хамт олныг зангидах зангараг, туршлага, мэдлэг түүнд байхгүй гэдэг нь тодорхой байна. Тиймээс Ерөнхий сайд аа, Эрчим хүчний сайд аа, чихийг тань байнга халууцуулж ирсэн Ү.Төмөрхуяг даргыг шинэ залуу боловсон хүчнээр сольж, өөрчлөлт шинэчлэлтийг хийж,энэ том станцаа танагтай дээр нь аварч үлдэхгүй бол ажиллах мэргэжлийн ажилтан ч үгүй, өвгөрч хуучирсан техник технологитой станц л үлдэх нь.












