Японы хөрөнгө оруулалттай үдийн цайны төв ашиглалтанд орлоо
Украины Киев мужийн Даймер сууринд байрлах цэцэрлэгт зориулсан үдийн цайны төвийг Японы хөрөнгө оруулалттай компанийн дэмжлэгтэйгээр шинэчлэн ашиглалтанд орууллаа. Төслийг Япон улсын Ямагата мужийн ган хүрээний эд ангийн компани, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA) нь орон нутгийн удирдлагуудын хүсэлтийн дагуу хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Украины цэцэрлэгүүдийн сэргээн босголт, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хийгдсэн анхны томоохон хөрөнгө оруулалт юм.
Оросын түрэмгийллээс үүдэлтэй нөхцөл байдлын улмаас хуучин сургуулийн байгууламжийг сэргээн босгох шаардлагатай тулгарсан бөгөөд, энэ нь Украины засгийн газраас дэд бүтэц, боловсролын салбарыг сэргээх чиглэлд тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд чухал алхам боллоо. Нээлтийн ажиллагаанд Японы элчин сайд, Даймерийн удирдлагууд, хүүхдүүд болон орон нутгийн бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд тус төв нь 66 хүүхдэд зориулсан үдийн цай, хоол хүнсээр хангах ажлыг энэ оны эхнээс эхлэн явуулахаар төлөвлөж байна.
Энэхүү төсөл нь зөвхөн эдийн засгийн хувьд чухал төдийгүй, Украин дахь олон улсын хамтын ажиллагааны жишээг тодотгосон юм. Энэхүү бүтээн байгуулалт нь хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Түүнчлэн, Украины нөхцөл байдал, ялангуяа цэцэрлэгийн салбар дахь сэргээн босголтын хөтөлбөрүүд нь олон улсын хамтын ажиллагааны хувьд шинэ боломжийг нээж өгч байна.
Даймерийн цэцэрлэгийн эрхлэгч Антонина Костюченко “Энэ хүнд хэцүү үед үзүүлсэн дэмжлэгт бид маш их талархаж байна. Хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсролын төлөө ийм үйл ажиллагаа өрнөж байгаад баяртай байна” хэмээн тэмдэглэжээ. Харин Ватанабе Сусуму, Японы компаниудын удирдагч, цаашид Украиныг сэргээхэд зориулсан хувь нэмрээ нэмэгдүүлэхээ илэрхийллээ.
Эх сурвалж NHK
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн











