Япон дахь монгол иргэд хулгай хийхгүй, хулгайд өртөхгүй байхыг сэрэмжлүүлэв

386
Япон дахь монгол иргэд хулгай хийхгүй, хулгайд өртөхгүй байхыг сэрэмжлүүлэв

Япон дахь Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжлүүлэгт "Япон руу зорчигч монгол иргэний тоо нэмэгдэхийн хэрээр монголчууд  хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулах тохиолдол олширч, улмаар Япон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, нийгмийн сүлжээгээр тархаж, Монгол Улсын нэр хүндийг унагах болов. Мөн Япон улсад зорчиж байхдаа монгол иргэн түрийвчтэй мөнгө, эд зүйлсээ хулгайд алдсан тохиолдол ч нэмэгдэв.

Дэлгүүрээс эд бараа хулгайлах, мөнгө түрийвч суйлах, орон байрны хулгай хийх нь Япон улсын Эрүүгийн хуулийн 235 дугаар зүйлд заасан хулгайн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд 10 жил хүртэлх хорих ял эсвэл 500 мянган  иен хүртэл торгууль гэсэн хүнд ялтай хэрэг юм. Японы дотоодод хамгаалалтын  камерын болон дохиолол, энгийн хувцастай цагдаа нарын хяналт, аж ахуйн нэгж, иргэдээс тавих хяналт өндөр байдаг тул хулгай хийвэл заавал баригдах бөгөөд тухайн үедээ баригдалгүй өнгөрсөн ч хувь хүнийг ёс зүйн доройтолд оруулж, илүү хүнд хэрэгт унагаах аюултай билээ.

Иймд иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байх үүднээс биеэ зөв авч явах, өөрийн эд зүйлсээ сайтар хамгаалж, хянах, гэмт хэргээс сэргийлэх мэдлэг, ухамсраа дээшлүүлэх, сэжигтэй үйлдэл, нөхцөл байдлыг анзаарсан тохиолдолд яаралтай цагдаа болон холбогдох байгууллагад мэдэгдэх, хууль дүрэм, аюулгүй байдлыг чандлан сахихыг уриалж байна. Бидний уриалгыг зөвөөр ойлгон, өөрийн болон эх орныхоо нэр төрийг хамгаалан, хууль журмыг хатуу сахин биелүүлэх тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэж байна" гэжээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн