Хууль зүй дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг УИХ-д оруулж ирж, үүнийг нийгэм нааштайгаар хүлээн авсан ч улстөрчдөд таалагдаагүй. Эхнээсээ эсэргүүцэн лобби бүлэг хүртэл байгуулж байлаа. Хууль бус хөрөнгө хураан авах хуулийн төслийн хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулсан ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсноор О.Алтангэрэл сайд өөрийн оруулж ирсэн хуулийн төслөө эцэслэн батлуулж амжаагүй ч дараагийн Засгийн газар үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа онцолж байлаа.
Энэхүү хуулийн төсөл нийгэмд ихээхэн хүлээлт үүсгээд буй. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураах ажлыг ирэх долоо хоногт зохион байгуулахаа мэдэгдлээ. О.Алтангэрэл сайдын хуулийн төслийн өнгийг хувиргасан энэхүү ажил харин иргэдэд таалагдахгүй байна. Учир нь, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураах нь шүүхийн шийдвэр, шүүхийн хийх ажил. Гэтэл шүүхтэй зэрэгцэн авлигачдын хөрөнгийг хураах нь попролт, нэр төдий ажил болох юм.
Шүүхийн шийдвэргүйгээр хэнбугай ч бусдын өмч хөрөнгөд халдах эрхгүй. Тиймээс авлигачдад шүүхээс ял оноож, хууль бус хөрөнгийг хураах шийдвэр гарган, ШШГЕГ үүнийг биелүүлэх үүрэгтэй. Энэ мэтээр хуулийн байгууллагын өмнүүр орж, нийгэмд таалагдах гэсэн худал хуурмаг ажиллагаа нь удалгүй нуран унана гэдэгт хуульчид итгэлтэй байна.












