Эрүүл мэндийн яамны 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд чухал шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан
авах зорилгоор 65 тэрбум төгрөгийг Улсын Их Хурлаар батлуулсан билээ. Гэвч энэхүү хөрөнгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаагүйгээс шалтгаалан хуулийн дагуу 2025 оны 5 сарын 31-ний өдрөөр уг хөрөнгө хүчингүй болж, төсвөөс хасагдаад байна.
Энэ нь яаралтай тусламж, оношилгоо, эмчилгээний чиглэлээр ашиглагдах байсан тоног төхөөрөмжүүдийн хангалт хойшлох, улмаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг зарим шинжээчид онцолж байна.
Төсөв батлагдсанаас хойш нийт 7 сар гаруйн хугацаа өнгөрсөн ч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад албан ёсны тайлбар, хариуцлага тодорхойгүй байгаа талаар олон нийтийн сүлжээнд шүүмжлэл өрнөж байна.
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын энэ удаагийн саатал нь салбарын тогтолцооны уялдаа, гүйцэтгэл, хяналтын тогтолцоонд дахин анхаарал хандуулахыг сануулж байна.
П.Самдан
www.BOLOD.mn











