Дараагийн пап ламыг сонгох кардиналуудын хаалттай хурлыг тавдугаар сарын 7-нд товлосон гэдгийг Ватикан мэдэгдэв. Ром хотын Систиний их дуганд явах хаалттай хуралд дэлхийн өнцөг булан бүрээс 135 кардинал оролцох ба шинэ папыг сонгоход хэр хугацаа шаардах нь тодорхойгүй байна. Учир нь, 2005, 2013 онд болсон санал хураалт хоёр өдөр үргэлжилсэн юм.
Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Брунигийн хэлснээр, кардиналууд эхлээд Гэгээн Петрийн сүмд ёслолын ажиллагаанд оролцон дараа нь санал өгөх эрхтэй хүмүүс Систин дуганд цугларч, нууцаар санал хураана. Кардиналууд Систиний сүмд орсны дараа шинэ Пап лам сонгогдох хүртэл гадаад ертөнцтэй ямар ч холбоо тогтоохгүй, бүрэн тусгаарладаг. Шинэ папыг сонгоход санваартнуудын гуравны хоёрын санал шаардлагатай бөгөөд үүнд цаг хугацаа их шаардагдана гэлээ.
Пап сонгох үйл явцыг Систин сүмийн гаднаас дэлхий нийтээр анхааран ажигладаг. Сүмийн яндангаас хар утаа суунаглабал дахин санал хураалт явна. Цагаан утаа нь шинэ Пап лам сонгогдсоныг илтгэдэг байна.


