Долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадна талбайд болсон зодоонд өртсөн гэм зэмгүй хохирогч хүүгийн биеийн байдал муу, ГССҮТ-д эмчлүүлж байна. Ялангуяа түүний нүдний цаад талын аяганы яс уначихсан нь сэтгэлийг нь ихээхэн зовоож байгаа, нүүрэнд нь хугараагүй яс үлдээгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Хохирогчийн аав хурандаа Д.Дашзэвэг цахим хуудастаа "Хар тамхи хэрэглэсэн баян айлын хүүхдүүд та нарын хүүхдүүдийг хонь гаргаж байгаа юм шиг төхөөрдөг үе ирнэ" хэмээн харуусан бичээд байгаа билээ.
Үнэндээ Монгол Улс хар тамхи, мансууруулах бодис дамжуулагч орон байсан бол өдгөө хэрэглэгч орон болсон. Томчуудын гэгддэг баярхуу нөхдийн хүүхдүүд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх нь зуршил болж, үүнийгээ зугаа цэнгэлийнхээ нэгээхэн хэсэг болгочихсон. Мөн урлаг, соёлын одод нь ч байнгын хэрэглэгч болсон. Хар тамхи хэрэглэсэн үедээ баячуудын хүүхдүүд найз охиноо байшингийн дээврээс шидэх, элдвээр шоглох, автомашинтай хөөцөлдөх, зодоон үймээн үүсгэх зэргээр ноцтой гэмт хэрэгт холбогддог ч хууль шүүхийн байгууллагаар шийдсэн нь ховор. Тиймээс энэ удаад ч гэм зэмгүй залууг бүлэглэн зодож, хүнд гэмтээсэн хэрэг замхрахвий, гэмт этгээдүүд ял зэмгүй өнгөрөхвий гэсэн айдас хардлага хаа хаанаа бий болоод байна.












