Орон нутгийн өмчит “Улаанбаатар оронсууцжуулалт” ХХК-ийг НИТХ-ын 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 24/16 тоот тогтоолоор ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин барилгажуулах, гэр хорооллыг оронсууцжуулах төслүүдийг хэрэгжүүлэхэд менежмент хийх чиг үүрэгтэй байгуулан Гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилсон юм.
Гараа сайн бол бариа сайн гэдэгсэн. Харамсалтай нь, З.Төмөртөмөө захирал анхнаасаа дүрэм журмыг ягштал барих атал эсрэгээрээ эрх ашгийн сонирхолдоо хөтлөгдөн хуулийг гажуудуулж, зарим нэгэнд илтэд давуу байдал олгож эхэлжээ. Баримт сөхье.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр А/57 тоот “Улаанбаатар оронсууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай зарим арга хэмжээг авах тухай” захирамж гарган тус компанийн дүрмийн сангийн хөрөнгөд зориулж, гурван тэрбум төгрөгийг санхүүжүүлт болгон олгожээ. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ.
Харин Улаанбаатар оронсууцжуулалт” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн XYIII хорооны шаардлага хангахгүй СТ-4 дүгээр байрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах урилгыг 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдөр 11 цагт хүлээн авч, тус өдрийн 12 цагт төслийг нээх талаарх “Улаанбаатар оронсууцжуулалт” ХХК-ийн www.ubos.mn вэб хуудаст байршуулан зарласан байдаг. Харин үнэлгээний хорооны шийдвэрээр тус төсөлд “Гартаам агат” ХХК шалгарч батламж авчээ.
Цаг хугацаанаас харвал ажлыг шуурхай зохион байгуулж байгаа мэт харагдавч үнэн чанартаа бүхий л булхай, заль цаана нь нуугдаж байжээ. Тодруулбал, “Гартаам агат” ХХК 2017 оноос аялал, жуулчлал болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг компаниар Улсын бүртгэлд бүртгэлтэй байсан бол гэнэт нэг өдөр зүсээ хувирган 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс барилгын материалын худалдаа эрхэлдэг болон хувирчээ. Нэг ёсондоо “Гартаам агат” ХХК нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах болон барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй, тйим ч туршлагагүй гэсэн үг юм.
Сонгон шалгаруулалтын үйл явц ч гэрлийн хурдаар явжээ.
-2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, түүний үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн баталсан бол маргааш нь л “Улаанбаатар оронсууцжуулалт” ХХК төслийн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах урилгыг зарлан улмаар зургаадугаар сарын 6-ны өдрийн 11 цагт төсөл хэрэгжүүлэх саналыг хүлээн авч тухайн өдрийнхөө 12 цагт төслийг нээжээ.
Төрийн ажил ийм хурдаар явдаг бол сайхан. Харамсалтай нь, зохион байгуулалттай, үгсэн тохирсон төрийн ажил ийнхүү гэрлийн хурдаар, ногоон гэрлээр явсан нь “Гартаам агат” ХХК-д давуу байдал олгоход байжээ. Үүнийг нотлох үндэслэл олон. Тухайлбал, Сонгон шалгаруулалтад оролцогчдод шалгаруулалтын хариуг мэдэгдээгүй байхад “Гартаам агат” ХХК 2025 оны зургаадугаар сарын 14-ний өдөр төслийн барилгын талбайд техник хэрэгслээ байршуулан газар шорооны ажлаа гүйцэтгэж эхэлсэн нь шалгарахаа хэдийнэ мэдсэн, тохирсон гэдгийг илтгэж байна.
Бас нэгэн нотолгоо нь барилгын ажлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу эхлүүлж, тухайн төслийн сонгон шалгаруулалтын дүн гарснаар тус ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газар баталгаажуулж, үүнд үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд барилгын эскиз загвар зургийг боловсруулж, гүйцэтгэнэ. Барилгын ажлын зураг төслүүдэд онцгой байдал, эрүүл ахуй, барилгын хөжглийн төв зэрэг төрийн захиргааны байгууллагууд баталгаажуулан мэргэжлийн магадлагаа дүгнэлт гаргуулна. Материалууд нь шаардлага хангасан тохиолдолд дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан, холбоо дохиоллын зэрэг байгууллагаас техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгосноор дээрх бүх материалыг нэгтгэн Хот байгуулалт, хотын стандартын газарт өгч улмаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авдаг зэрэг шат дараалал ихтэй. Захаас нь дурдахад л энэ шүү дээ. Энэ бүх үйл явц багадаа 5-6 сар үргэлжилдэг атал “Гартаам агат” ХХК нь мэргэжлийн байгууллагуудын өндөр нарийвчлалтай мэргэшсэн үйл ажиллагааг алгасч, ямар ч зөвшөөрөл магадлалгүйгээр батламжаа гардан авангутаа үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь илтэд ноцтой зөрчил юм.
Давуу байдалдаа эрдсэн “Гартаам агат” ХХК хэний нөмөр нөөлөгт ийнхүү хууль журмыг үл тоон дэвсэлнэ вэ. Ажлыг нь ногоон гэрлээр бүтээж буй албан тушаалтан нь “Улаанбаатар оронсууцжуулалт” ХХК-ийн “Гүйцэтгэх захирал, “нууц ноёнтон” З.Төмөртөмөө гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. Тийм болоод л нүдэн балай чихэн дүлий суугаа биз ээ. Нүдэн дээр нь илтэд хууль зөрчиж буйг харсаар сонссоор атлаа хүлцэнгүй суугаагийн цаана ихээхэн ашиг сонирхол нуугдаж буй нь гарцаагүй юм.
Хотын дарга Х.Нямбаатар аа, таны татвар төлөгчдийн мөнгөөр санхүүг нь шийдэж, ажлыг нь хариуцуулсан албан тушаалтан тань эхнээсээ ийнхүү хуулийг үл тоон, хувийн эрх ашгаа дээгүүрт тавьж, ганц компанид давуу эрх олгож байгааг анхааралдаа авч, алдаа завхралыг даамжруулахгүй байна уу.
Эс бөгөөс Хотын даргаас дээгүүрт өөрийгөө тавьсан З.Төмөртөмөө захирал цаашид ч амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр хувийн эрх ашгаа дээгүүрт тавьж, улсын олон ажлыг цалгардуулсаар байх болно.










