Багш Б.Идэржавхлан өнөөдөр /2025.06.26/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Боловсролын сайд П.Наранбаярыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ" гэв. "Сүүлийн үед боловсролын салбарыг их улстөржүүлж байна. Элсэлтийн шалгалттай холбоотой асуудал хүүхдүүдэд, эцэг эхчүүдэд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн хуурамч дипломын асуудал хөндөгдсөн. Иргэний хувиар ийм асуудал үүссэн бол нотлох ёстой. УИХ-ын гишүүн үнэхээр Дорнодын их сургуулиа төгссөн юм уу гэдгийг нотлохыг шаардаж байна.
Дараа нь боловсролын салбарыг парламентад төлөөлөх тухай ярих нь зөв.Хоёрт, Боловсролын сайд П.Наранбаяр хамаарал бүхий төрийн бус байгууллагад 1.2 тэрбум төгрөгийн асуудал үүсгэж, боловсролын салбарт асуудал үүсгэж байна. Боловсролын үнэлгээний төв нь ажлаа хийж чаддаггүй. Хүүхдүүдэд хүртэл хүндрэл учруулж байгаа учраас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгах хүсэлт гаргаж байна. Мөн Боловсролын сайд П.Наранбаярыг шалгахыг шаардаж байна" гэдгийг яриандаа онцолсон юм.











