Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалтай холбогдуулан тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ.
Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй төрийн анхны айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.












