Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс тэтгэвэр барьцаалсан зээлийн өр, орлогын харьцааг 50:50 болгон зөөлрүүлсэн ч ахмад настнуудад таалагдсангүй, тиймээс Төрийн ордон, Төв банкны гадаа суулт хийгээд амжлаа.
Төлөөллүүд нь УИХ-ын нэр бүхий гишүүдтэй уулзаж, асуудлаа тавьсан нь ч бий. Саналыг нь сонссон УИХ-ын гишүүд өнгөрсөн хэд хоногт Төв банкны удирдлагыг тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан шалгуур нөхцлийн талаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд мэдээлэл өгөхийг хүсэж, Лхагва /2025.06.25/ гаригт энэ асуудлыг ярилцах товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Гэхдээ энэ хооронд Төв банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван зарим нэг мэдээллийг өгсөн нь ахмадуудын тавьж байгаа хүсэлт, шаардлагыг биелүүлэх боломжгүй нь тодорхой болов.Учир нь, тэтгэврийн зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс олгодог. Тодруулж хэлбэл, хадгаламж эзэмшигчдийн мөнгөнөөс тэтгэврийн зээл олгож байна. Харин арилжааны банкны хадгаламжийн хүү болоод зээлийн хүү Монголбанкны бодлогын хүүнээс хамаарч тогтдог.
Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн зургадугаар сарын 12-нд гаргасан шийдвэрээр бага тэтгэвэр авагч жилийн 16.8 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээл авахад 4.5 сая төгрөгийн зээл авах боломжтой болсон нь өмнөхөөсөө хоёр дахин өсчээ.Өмнөх тэтгэвэр барьцаалсан зээлийн өр орлогын харьцаа 30:70 байх үед бага тэтгэвэр авдаг ахмад дээд тал нь 2.2 сая төгрөгийн зээл авах боломжтой байсан. Гэвч ахмад настнууд тэтгэврээ 70 хувь хүртэл барьцаалж, дээд тал нь гурван жилийн хугацаатай зээл авах хүсэлт тавьж буй. Харамсалтай нь, энэхүү хүсэлт нь өнөөдрийн нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүйг учирлаж байна. Шалтгаан нь, тэтгэврийн зээл бол цалингийн зээлийн нэгэн адил хэрэглээний зээлд хамаардаг. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд хэрэглээний зээл огцом өсөж эргээд инфляци болоод санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Иймээс Төв банк тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг хуучин шиг 70:30 болгон сулд нь тавих боломжгүй болжээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар арилжааны банкууд 1.8 их наяд төгрөгийн тэтгэврийн зээл олгожээ. Энэ нь нийт тэтгэвэр авагч 550 орчим мянган хүний 55 хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэсэн үзүүлэлт аж. Дундаж тэтгэврийн зээлийн үлдэгдэл нэг тэтгэвэр авагч дээр 6.5 сая төгрөг бол сарын дундаж төлөлт нь 650 мянга орчим төгрөг байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврээ өндөр хувиар барьцаалж зээл авахаар нэг талдаа ахмад настнуудын хувьд амьжиргаагаа залгуулахад бэрхшээл учирдаг бол нөгөө талдаа хэрэглээний зээлийг дагаж инфляци үйлдвэрлэгдэн, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг.
Мөн өнгөрсөн хугацаанд ахмад настнуудад олгосон тэтгэврийн зээлээс 11.7 тэрбум нь чанаргүй зээлд шилжсэн нь энэ төрлийн зээлд тавих шалгуурыг хатууруулахаас аргагүйд хүргэжээ.Хэдийгээр ахмад настнууд “Эрсдэл учирбал үр хүүхэд тэтгэврийн зээлийг маань төлчихнө” гэдэг тайлбар хэлдэг ч амьдрал дээр хэрэгжилт хангалтгүйг чанаргүй гэх ангилалд шилжсэн зээлийн статистик харуулж буй. Нөгөө талдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу УИХ-аас нэг удаагийн хууль баталж, зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэхэд зориулж 900 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан ч Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, барагдуулах шийдвэр хэрэгжилгүй дөрөв дэх жилдээ орсон. Энэ шийдвэр ч бас нэрмээс болж байгаа юм. Харин тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ганц арга байгаа нь Засгийн газраас арилжааны банкинд хүүтэй байршуулдаг Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээр тэтгэврийн зээлийн эх үүсвэрийг шийдээд, банкуудтай хамтарвал боломж бий. Гэвч чанаргүй зээлдэгч нарын тоо буурахгүй байх тохиолдолд нийт даатгуулагчдын мөнгөн хөрөнгө эргээд эрсдэлд орох асуудал үүсэх талтай.
Иймээс ахмад настнууд эдийн засгийн нөхцөл байдал сэргэж, инфляци тогтворжиж, бодлогын хүү зөөлрөн, чанаргүй зээлийн хэмжээ буурч, хэрэглээний зээлийн өсөлт саарсан үед л тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртсах боломж бүрдэх нь гэж харах нь илүү амьдралд ойр буух болж байна.Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа. Тус ажлын хэсэг зээлийн хүүг бууруулах хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо тодорхой арга хэмжээ авах шаардлага байна гэдэг дүгнэлт гаргасан. Тухайлбал, харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансанд хүү, түүнтэй адилтгах төлбөр тооцохгүй байх. Урт хугацаатай хадгаламжийн хүүгийн орлогын албан татварыг бууруулах, гадаад валютын хадгаламжийг даатгалд хамруулахгүй байх зохицуулалтыг банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хульд тусгах арга хэмжээг авах. Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд хөрөнгийн зах зээлээр дамжуулан эх үүсвэр татахад дэд бүтцийн байгууллагатай холбогдох зардал хугацааг бууруулах.
Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд гадаадын банкны салбар байгуулах, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шалгуурыг шинэчлэх, боловсронгуй болгох.Арилжааны банкууд эрсдэл багатай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн төвшинг тогтоож, тогтмол хугацаанд нийтэд мэдээлдэг болох зэрэг маш олон ажлыг хийх шаардлага байгаа тухай дүгнэлт гаргасан юм.












