2025 оны тавдугаар сарын 12-ний өдөр Баянзүрх дүүрэгт нэгэн иргэн “Телеграм” аппликейшнээр дамжуулан даалгавар биелүүлж, мөнгөө өсгөх саналд хууртаж, бусдад эд хөрөнгөө шилжүүлэн залилуулсны улмаас сэтгэл санааны хямралд орж, олон тооны эм ууж амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгджээ. Он гарснаас хойш уг аппликейшнээр дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Монголын Банкуудын холбоотой хамтран ажиллаж нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.






