Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах“ гэх зүйл ангиар яллагдагчаар татсан гэж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мэдээллээ. Энэ нь 20.16 буюу Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах зүйл анги бөгөөд торгох, олон нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жилээр хорих ялтай. Хохирогч хүүгийн биеийн байдал маш хүнд, гадаадад эмчлүүлэхээр өчигдөр явсан бөгөөд хүүгийнх нь нүүрэнд хугараагүй яс үлдээгүй, нүднийх нь цаад аяганы яс хугарсан болохыг аав нь мэдэгдсэн билээ.
Өөрсдийнх нь мэдэгдсэнээр нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд гэм зэмгүй залууг бүлэглэн зодож, нүүрэнд нь ноцтой гэмтэл учруулсан уг хэрэг ийнхүү торгох ялаар шийтгүүлсэн болоод өнгөрөх шинж рүүгээ орчихлоо. Угтаа бол анх 8-12 жилийн ялтай бүлэг зодооны хэрэгт буруутгаж байсан бол олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэх хөнгөрүүлсэн зүйл ангиар яллагдагчаар татсан нь олон хүнийг бухимдуулж эхлээд байна. Давхар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэргийг нь ч үл хэрэгсчээ. Хуулийг ийнхүү ялгавартай хэрэглэж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ.












