2025 оны долоодугаар сарын 6-ны өглөө Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас онц аюултай гэмт хэрэгтэн оргон зайлсан ноцтой хэрэг гарсан. Хэрэгтэн М.Тамир 28 настай. Урьд өмнө гурван удаа ял шийтгүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт, автомашин дотор 12 настай охиныг хүчиндсэн гэх онц ноцтой хэрэгт цагдан хоригдож байсан байна.
Түүний үйлдсэн энэ хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг бөгөөд, насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, дахин давтсан гэмт хэрэгт тооцогдож байв.
Оргодлын хувийн мэдээлэл:
Нэр: М.Тамир
Нас: 28
Өндөр: 170–175 см
Гадаад төрх: Биерхүү, үсээ хуссан, дөрвөлжин царайтай, том гартай
Онцлог: Ил харагдах шивээс, шарх сорвигүй
ИРГЭДЭД ХАНДАЖ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА:
Оргон зайлсан этгээд нь давтан гэмт хэрэгтэн, насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүч хэрэглэж байсан, ёс суртахууны хувьд ноцтой зөрчил бүхий аюултай этгээд тул иргэд та бүхэн маш өндөр сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хэрэв та уг этгээдийг харсан, орогнож болзошгүй байрлал мэдэж байгаа бол даруйхан 102 тусгай дугаарын утсанд мэдээлнэ үү. Иргэн таны өгсөн нэг мэдээлэл олон хүний аюулгүй байдлыг хамгаална.
-Онц аюултай гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах, орогнуулах, холбоо тогтоох нь өөрөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл болдгийг анхаарна уу.
-Цагдаа, хууль хяналтын байгууллагууд уг этгээдийг саатуулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд эрэн сурвалжилж байна.


