УИХ-ын 2007 оны тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий 16 ордыг бүртгэсэн. Улмаар Үндэсний Баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дээрх ордуудын 34-50 хүртэлх хувийг төр эзэмшилдээ авч, орлогыг “Баялгийн сан”-д төвлөрүүлэх ажил эхлээд байгаа билээ.
Тэгвэл дээр дурдагдсан ордууд дээр нэмж тогтоолын хоёрдугаар хавсралтад бичигдсэн 39 ордыг бүгдийг стратегийн ордод хамруулан, төрд авах саналыг гаргаад байгаа ба уг асуудлыг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон байна.
Ингэснээр нийт 55 стратегийн ордтой болох бөгөөд хайгуулын зардлыг төсвөөс гаргасан эсэхээс хамаарч төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно гэдгийг онцолсон.
Түүнчлэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохдоо АМНАТ-ийг орлуулах, “…Баялаг ашигласны төлбөр /БАТ/ гэж нэрлэх”, “…БАТ-ийн 67 хувийг Үндэсний баялгийн санд татах”, “…2030 оноос БАТ-өөр орж ирсэн санхүүжилтийн 20 хувийг Хуримтлалын санд, 20 хувийг нийтийн тээврийн шинэчлэл, орон нутгийн хөгжилд, 20 хувийг Ирээдүйн санд хуваарилах”, мөн “…Стратегийн орд эзэмшигчид 34 хувиа Үндэсний баялгийн санд өгөх, эсвэл БАТ төлөөд явах сонголтыг санал болгох” зэрэг төлөвлөлтийг хийжээ.












