Засгийн газрын өнөөдрийн /2025.06.25/ хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Нэгдүгээрт, яамдын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. 58 үндэсний хороог хоёр дахин бууруулахаар болсон. Яамдын нэгжийг 31 хувиар цомхотгохоор болсон. Тухайлбал, 16 яаманд 138 газар байсныг 109 болгож, 132 хэлтэс байсныг 77 болгож цөөлөхөөр боллоо. Яамдын дарга 270 байсныг 186 болгож буурууллаа. Тэгхээр нэг яам дээд талдаа 14 даргатай, цөөн нь 10 даргатай байхаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Эдийн засаг, хөгжлийн яам 28 даргатай байсан бол 14 болгосон. Нийт 86 даргыг цөөллөө. Хоёрдугаарт, газартай холбоотой асуудал багагүй хүлээлт үүсгээд байсан. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд газрын харилцаа, сангийн асуудал эрхэлсэн агентлаг ажилладаг. Гэвч сум, хороонд иргэдийн өмчлөх газрын Ерөнхий сайдын түвшинд авч ирж шийддэг нугалаа гардаг байсан. Буцаагаад сум, аймаг, нийслэлийн засаг даргын түвшинд шийдвэрлүүлэхээр шилжүүллээ. Гуравдугаар, эрчим хүчний компаниудыг нэгтгэх асуудлыг эхлүүлсэн. Хамгийн их асуудалтай салбар. Үр ашиггүй зардал ч их бий. Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын эрчим хүчний сүлжээг нэгтгэхээр шийдвэрлэлээ. Мөн Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвтэй нэгтгэхээр боллоо" хэмээлээ.











