Засгийн газрын хуралдааны дараа салбарын сайд нар мэдээлэл өглөө. Тухайлбал, Боловсролын сайд П.Наранбаяр: "Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчилж байна. Нэгдүгээрт, оюутнууд дотоодын дээд сургуульд хоёр жил сурсны дараа үргэлжлүүлэн хоёр жил дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломжтой болно. Мөн арваас дээш жил мал малласан малчны нэг хүүхдийг бэлчээрийн менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээр үнэ төлбөргүй сургана. Гадаадад суралцаж байгаа оюутнуудын хувьд зээлээ төлөх хугацааг 20 хүртэлх жил байхаар журамд тусгалаа. Үүнээс гадна сонгон шалгаруулалтыг хийхдээ хүнээс үл хамаарч холбогдох материалаа зөв бүрдүүлсэн бол шалгарах магадлал өндөртэй. Өмнө нь нэг өрхийн хоёр хүүхэд тэтгэлгээр сурна гэж хязгаарлаж байсан бол шинэчлэгдсэн журмаар нэг айлаас хэдэн ч хүүхэд тэтгэлэг авах боломжтой болсон.
Монголд БЗС-гаас зээл авч ажиллаж, амьдарч буй 14 мянган хүнээс 1200 орчим нь гадаадад суралцаж байна. БЗС-гийн зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг Монголбанкны зээлийн мэдээлэлд бүртгэх асуудлыг олон жил ярилцаж, хар жагсаалтад гурван үе шаттайгаар 14 мянган хүний мэдээллийг өгсөн гэв.




