Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулуун ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүний эрүүл мэндийн талаар өмгөөлөгч Б.Баяраа: "П.Батчулуун эмч ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт буюу улаан бүсэд хэвтэн эмчлүүлж байгаа учраас байнга уулзах боломжгүй байна. П.Батчулуун эмчийн биеийн байдал тааруухан байна. Багадаа тархиндаа хүнд гэмтэл авч байснаас гадна зүрхэндээ зургаан стент тавиулсан. Анхан шатны шүүх хурлаас хойш Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр хоёр стент зүрхэндээ тавиулсан. Зүрхний үйл ажиллагаа маш сул, даралт нь тогтворгүй байгаа. Дээр нь сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрснээс хэвтэн эмчлүүлж байна. Түүнийг хорих ангиас хянаж байгаа бөгөөд 24 цагийн хянах камер байршуулсан. Улсын Дээд шүүхээр хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэхээр болсон. Шүүх хурал удахгүй болох байх" гэжээ.


