Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гаас 2025 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх шинэчилсэн таамгаа танилцууллаа. Тус байгууллагын зүгээс өмнө нь 3.1% байна гэж тооцож байсан өсөлтийн хүлээлтийг 2.8% болгон бууруулсан нь COVID-19 цар тахлын дараах хамгийн бага түвшинд тооцогдож байна.
АНУ, Хятадын худалдааны хурцадмал байдал гол нөлөөлөгч
ОУВС-ийн тайланд дурдсанаар АНУ болон БНХАУ хоорондын худалдааны маргаан, тарифын бодлого, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах гол шалтгаануудын нэг болоод байна. Эдгээр хоёр эдийн засгийн хүчирхэг тоглогчдын харилцаа муудах тусам олон улсын худалдаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бүрдэж буйг онцолжээ.
🌍 Дэлхийн эдийн засгийн өсөлт: Хоёр жил дараалан саарлаа
ОУВС-ийн шинэчилсэн тооцооллоор 2025 онд дэлхийн эдийн засаг ердөө 2.8%-ийн өсөлттэй байх төлөвтэй байна. Энэ нь цар тахлын дараа тохиож буй хамгийн доод өсөлтийн хэмжээ бөгөөд эдийн засгийн сэргэлт удааширч буйг илтгэж байгаа юм.
🌐 Дэлхийн худалдаа: 3.8%-аас 1.7% болж огцом уналттай
Дэлхийн худалдаа 2024 онд 3.8%-ийн өсөлттэй байсан бол 2025 онд энэ үзүүлэлт ердөө 1.7% болж огцом буурах төлөвтэй байна. Энэ нь олон улсын худалдааны урсгал хумигдаж, нийлүүлэлтийн сүлжээ доголдож байгаатай холбоотой гэж үзэж буй.
🇺🇸 АНУ-ын эдийн засаг: Хүлээгдэж буй өсөлт 1.8% болж буурлаа
АНУ-ын эдийн засгийн өсөлтийн таамаг мөн адил буурч, 2024 онд 2.8% байсан бол 2025 онд 1.8% болж таамаглагдаж байна. АНУ-ын тарифын бодлого, мөнгөний бодлогын тодорхойгүй байдал нь дотоодын хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспорт зэрэг гол салбаруудад сөрөг нөлөө үзүүлж байгааг тайланд дурдсан байна.
💸 Инфляци (АНУ): Үнийн өсөлт үргэлжилсээр
АНУ-д инфляци 2025 онд 3%-д хүрнэ гэж ОУВС тооцоолж байна. Энэ нь тариф, нийлүүлэлтийн зардал, эрчим хүчний үнэ зэрэгтэй холбоотойгоор бараа, үйлчилгээний үнийн өсөлт үргэлжлэх магадлалтайг илтгэж байна.
🇨🇳 Хятад улс: Өсөлтийн таамаг 4% болж буурав
БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хүлээлт 2025 онд 4% болж буурсан нь мөн дэлхийн худалдааны хумигдмал байдал, дотоодын эрэлтийн сааралттай холбоотой юм. Хятад улс экспортод тулгуурласан эдийн засагтай тул дэлхийн худалдааны идэвхжил буурах нь түүний өсөлтөд шууд нөлөө үзүүлж байна.
Зах зээлд үзүүлэх нөлөө:
💱 Валютын зах зээл:
АНУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, инфляц нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас долларын ханш суларч байна. Үүний зэрэгцээ аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог Швейцарь франк, Японы иен зэрэг валютуудын эрэлт нэмэгдэж, ханш нь өсөх хандлагатай байна.
₿ Криптовалют:
Эдийн засгийн тодорхойгүй байдал, улам бүр нэмэгдэж буй инфляцийн эрсдэл нь хөрөнгө оруулагчдыг улам алт болон криптовалют руу хошуурахад хүргэж байна. Тэд уламжлалт санхүүгийн системээс зайлсхийж, төвлөрсөн бус хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг илүүд үзэх хандлага ажиглагдаж байна.
Дүгнэлт:
Олон улсын зах зээл болон улс орнуудын эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд тогтворгүй байх төлөвтэй байна. Худалдааны бодлогын тодорхойгүй байдал, инфляцийн өсөлт, хөрөнгө оруулалтын итгэл сулрах зэрэг хүчин зүйлс нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүйг ОУВС сануулж байна. Иймд төр засгийн түвшинд хариу арга хэмжээ авах, бодлогын зохицуулалтыг оновчтой хийх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг "Монгол Улсын Засгийн Газар", "Монгол Улсын Сангийн Яам" анхааралдаа авч ажиллана уу.


