Орос улс их, дээд сургуулийн оюутнуудад зориулж "уламжлалт үнэт зүйлс"-ийг хэр сайн мэдэх, хүлээж авч буйг нь шалгах хөтөлбөр нэвтрүүлэх болжээ. Бизнесийн сонин Ведомостийн Мягмар гаригт (2025.09.30) мэдээлснээр, Оросын Спортын яамны харьяа Спортын их сургууль есдүгээр сарын 15-ны өдөр Москвагийн нэрд гарсан программ хангамжийн компанитай оюутнуудад зориулсан вэб болон гар утасны аппликейшн бүтээх 15,700 ам.долларын гэрээ байгуулсан. Тус компани нь үнэт зүйлсийн мэдлэгийг сорьж, хариултад нь оноо өгч, хувь хүний болон бүлгийн үр дүнгийн үнэлгээг харуулах вэб бүтээх болно. Аппликейшн нь эх оронч үзэл ба иргэншил, соёлын болон оюун санааны уламжлал, ёс зүйн хэм хэмжээ зэрэг ангилалд үндэслэн үр дүнг эрэмбэлнэ. Мөн хянагчтай байх бөгөөд оюутны нэр, багш, суралцсан жил зэрэг оюутны профайлыг бүрэн онооных нь хамт харах боломжтой болно.
Программ хангамжийн компани "Blue Cats Games"-д уг программыг боловсруулахад 15 хоногийн хугацаа өгсөн.
Гэхдээ Мягмар гаригийн байдлаар уг программыг боловсруулсан эсэх, Оросын Спортын их сургуулиас бусад сургууль ашиглах эсэх нь тодорхойгүй байна. Ведомости сонин өнгөрсөн сард оюутнууд оюун санааны болон ёс суртахууны үнэлэмжийг хэрхэн дагаж мөрдөж байгааг Москвагийн Эдийн засгийн дээд сургууль үнэлэх шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйг боловсруулах үүрэг хүлээсэн гэж мэдээлсэн.
Сургуулийн зүгээс үүнийг залуучуудын дундах "хор хөнөөлтэй, хууль бус зан үйл"-ийн эрсдэлийг хянахад ашиглаж болно гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн энэ нь үзэл суртлын хяналт, эрсдэлт бүлгийг тодорхойлоход ашиглах боломжтой эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Гэсэн хэдий ч Москвагийн Эдийн засгийн дээд сургууль энэхүү аргыг бүх сургууль хэрэгжүүлэх боломжтой гэж мэдэгдэж байжээ.
"Blue Cats Games"-ийн бүтээх аппликейшн нь "уламжлалт үнэт зүйлс"-ийг төрийн үзэл суртлын гол сэдэв болгох Кремлийн хүчин чармайлтын нэг хэсэг гэгдэж байна. Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны арваннэгдүгээр сард гэр бүл, шашин шүтлэг, эх оронч үзэл, соёлын өвөөс улбаатай “Оросын уламжлалт оюун санааны болон ёс суртахууны үнэт зүйлсийг” хадгалахад төрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон зарлигт гарын үсэг зурж, барууны либерал хэм хэмжээг үгүйсгэсэн. Санал асуулгын дүнгээс харахад ихэнх оросууд уламжлалт үнэт зүйлийг гэр бүл, үр хүүхэд, ойр дотнын хүмүүсээ халамжлахтай холбон үздэг. Гэсэн хэдий ч зарим оюутан өөрсдийн үзэл бодлоор уламжлалт үнэт зүйлсийг дахин тодорхойлох гэж тэмцэж байгааг Ведомости сонинд мэргэжилтнүүд онцолжээ.












