Төв талбайд 13 дахь өдрөө үргэлжилж буй "Огцрох амархан" жагсаал өнгөө хувиргаж, өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжигчдийнх болж хувирчээ. Ахмадуудад орон зайгаа тавьж өгсөн залуус талбайн сүүдэр бараадан зогсох. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Бага хурлын тогтоолоо танилцуулан үг хэлнэ гэсэн мэдээлэлтэй байсан ч эцэстээ "чөлөө" авсан дуулдав. МАН-ын Бага хурлын дараагаас Ерөнхий сайдыг огцрох өргөдлөө өөрөө өгнө хэмээж байсан. Гэвч хуулиараа УИХ энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм. Ийнхүү олон хоног сунжран тодорхойгүй байдал үүсгээд байгаа энэ гацааг энэ долоо хоногтоо гаргана хэмээн МАН-ынхан хэлж байна.







