Мотоциклын чанга дуу нялхсыг цочоож, ахмадуудыг нойргүй хонуулж, өвчин зовлонтой хүмүүсийг тарчлааж байна!

295
Мотоциклын чанга дуу нялхсыг цочоож, ахмадуудыг нойргүй хонуулж, өвчин зовлонтой хүмүүсийг тарчлааж байна!
Зуны урин дулаан  цаг ирсэн ч гэлээ дүрэм журмаас давсан үйлдлүүд гаарч, энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөөд удаж байна. Орой үдэш амралтын цагаар чанга дуутай мотоциклын чимээ бага насны хүүхэд, ахмадууд, өвчтэй хүмүүст ихээхэн халгаатай болж, шөнөжингөө унтаж чадахгүй тарчлах болжээ. Ялангуяа төв зам дагуу байрлалтай орон сууцны оршин суугчдад энэ нь ихээхэн хүндрэл учруулж, гомдол санал гаргаад ч одоогоор тоох албан тушаалтан алга. Хамгийн сүүлд 22.00 цагаас хойш чанга дуутай мотоцикл хөдөлгөөнд оролцуулахгүй байх ажилд хяналт тавих цагдаагийн эргүүл гарч эхэлсэн гэх мэдээлэл гарсан ч тоймтой арга хэмжээ авсан зүйл алга. Тэгээд ч цагдаагийн эргүүл гаргаад хөдөлгөөнийг хорьж чадахгүй зөвхөн хяналт тавих бол ямар ч хэрэгцээгүй болно. Мотоцикл хөлөглөх нь хүний эрх ч гэлээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхад анхаарах нь нийгмийн шаардлага. Гаднын улсад 20.00 цагаас хойш хөрш хажуу айл чанга дуу чимээ гаргахыг ч эрс хориглодог. Гэтэл Монголд дураараа авирлан бусдын эрхийг зөрчсөөр... Ялангуяа иргэдийн ид унтаж амрах цагаар, тайван нойрсож буй үүрээр мотоциклын  чийхрах чанга дуу орчныг сэрээж, олныг бухимдуулж, өвчтэй зовлонтой хүмүүс давхар шаналж, хүүхэд нялхас цочин сэрж энэ бүхэн иргэдийн амьдралд үнэхээр хүндрэл учруулж байна. УИХ-ын гишүүн П.Батчимэг мото, скүүтэр, суррон явах зам гарцтай болох, явган хүний замаар зорчуулахыг хориглох хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан. Харин иргэдийн өдөр тутмын амьдралд ихээхэн хүндрэл учруулаад буй чанга дуутай мотог хориглох асуудлыг Хотын дарга хэзээ хөндөж, дорвитой шийдэл гаргах юм бэ. Тээврийн цагдаагийн алба хөндлөнгөөс харахаас, зовнихоос өөрөөр юу ч хийж чадахгүй. Хууль журмаас давсан үйлдлийг нь таслан зогсоож чадахгүй сууна Хотын дарга аа!
Шинэ мэдээ
Их уншигдсэн