Энэ оны зургаадугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Жуннан дүүргийн цагдаагийн газар Монголоос хууль бусаар тус улсад оршин сууж байсан зургаан иргэнийг баривчилж, Цагаачлалын албанд хүлээлгэн өгчээ. Мөн монгол иргэдийн хоёрыг нь танхайрсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байжээ. Сөүл хотын Жуннан дүүргийн нэгэн оршин суугчаас гадаадын иргэд тамхи татаж, гудамжинд шуугиан тарьж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Улмаар Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход зургаан монгол иргэнээс тав нь гэртээ нуугдсан байж. Цагдаа нар нэмэлт хүч дуудан гэрт нь нэгжлэг хийжээ.
Шалгалтын дүнд монгол иргэд бүгд оршин суух хугацаагаа хэтрүүлсэн, тус улсад хууль бусаар оршин сууж байсныг тогтоосон байна. Тэдний нэг баривчлах явцад цагдаагийн биед халдаж, зугтахыг завдсан байна.
Эл хэргийн талаар Цагдаагийн албаны хүн хэлэхдээ, “Оргон зугтсан нэг иргэнийг оролцуулаад нийт зургаан хүнийг баривчилж, Цагаачлалын албанд шилжүүлсэн” гэв.












