Герман-Монголын байгаль орчны хамтын ажиллагаа шинэ дэвшилттэй үргэлжилнэ
Монгол, Германы байгаль орчны хамтын ажиллагаа шинэ шатанд гарахыг зорьж байна. Улаанбаатар хотод болсон хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хэлэлцээний үеэр байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн менежмент зэрэг салбарын бодлого, төслүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ зорилтуудыг тодорхойлжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хөгжлийн банк (KfW), Гео-шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-ийн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги, зорилтуудаа хэлэлцсэн юм. Энэ уулзалт нь Монгол Улсын байгаль орчны хамгаалалтыг дэмжих, онцгойлон тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр шинэ алхам хийгдэх эхлэл боллоо.
Монгол Улсын байгаль орчны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн ажилд Германы дэмжлэг, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Түүнчлэн, 2030 он хүртэлх ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн шинэ боломжуудыг нээх зорилгоор хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр тал анхаарлаа хандуулжээ.
Мөн, энэ сарын 30-нд болох хэлэлцээний хүрээнд Олон зорилтот ойн тооллогын төслийг дахин эхлүүлэх, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний зарчмыг дэмжих “Өргөтгөсөн үйлдвэрлэгчдийн хариуцлага” зэрэг саналуудыг гаргаж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг бататгаж байна. Тус хөтөлбөрүүд нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, байгаль орчны салбарын стратегийг гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болох юм.
Энэхүү уулзалт нь Монгол, Герман хоёр улсын байгаль орчны хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, шинэ боломжуудыг нээхэд чиглэсэн стратегийн чухал үе шат боллоо. Хоёр улсын Засгийн газруудын энэ чиглэлийн хамтын ажиллагаа нь байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөөцийн тогтвортой ашиглалт зэрэг олон салбарт үр өгөөжөө өгч, Монгол орны экологийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах болно.












