УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг хийх үеэр Боловсролын сайдын багц дахь 2.6 тэрбум төгрөгийг хасаж, Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайдын багц руу шилжүүлснээр нийслэлийн 117 багшийг тэтгэмжгүй болгоод байгаа талаарх шүүмжлэл нийгэмд ид өрнөөд байна. Энэ жил 117 багш тэтгэвэртээ гарч байгаа бөгөөд тэд 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авах ёстой. Гэтэл хуульд заасан энэхүү тэтгэлгийнх нь мөнгийг сайд Э.Батшугарын багцад шилжүүлснээр дээрх багш нар тэтгэмжгүй болоод байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж энэ талаар“Ардын намын сайд нар л нэгнийхээ төсвийг нөгөө рүү шилжүүлсэн байна лээ шүү” гэж мэдэгдсэн юм.
Харин Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайд Э.Батшугар "Надад хэлэхгүйгээр 2.6 тэрбум төгрөгийг сайдын багц руу шилжүүлсэн байна билээ. Би яагаад гэдгийг ойлгоогүй хэмээсэн. Хамгийн гол нь Боловсролын сайдыг бөөрөлхөх гээд төсвөөс нь танасан Ардын намынхны ёс зүйгүй үйлдэл цаг наргүй, өндөр ачаалалтай ажилладаг багш, 36 сарын тэтгэмжээ авч тэтгэвэртээ суугаад ахуй амьдралаа залгуулна гэсэн олон багш нарыг бухимдуулаад байна.


