Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна.
Японы өдөр тутмын “Майничи шимбүн” сонин энэ талаар нийтлэл гаргажээ.
Миягино ояката гарсан нь Сүмогийн ертөнц хямралд орсныг харууллаа
Миягино оякатагийн шийдвэр сүмо бөхийн ирээдүйг маш томоор өөрчлөх шийдвэр байлаа. 45 түрүү гэх түүхэн рекорд амжилтаас гадна тэрээр сүмо бөхийг шимтэн судалдаг, суралцдаг, үнэхээр хичээнгүй нэгэн байсан юм.
Жинхэнэ сайн мэргэжилтэн багш болох байсан ояката гарч одсонд түгшүүрийн харанга дэлдэх хүн цөөнгүй байна. Миягино ояката барилдаж байх үеэсээ л хойч үеэ бэлтгэх нөр их хүсэл, тэмүүлэлтэй нь харагдаж байлаа. Тав дараалан түрүүлсэн, ид үедээ буюу 2010 оны 12 дугаар сард өсвөрийн сүмо бөхийн “Хакүхо Цом” тэмцээнийг санаачлан, зохион байгуулж ирсэн билээ. 2016 онд зургаа дахь удаагийн “Хакүхо Цом” тэмцээний бага ангийн төрөлд шинэ ёкозүна Ооносато түрүүлэх зэргээр ирээдүйтэй, шилдэг сүмоч гаргах үүд хаалга нь болж байсан юм. 2012 оны үеэс өөрөө шавь хайж, орон нутгаар яван, Ишиүра, Энхо зэрэг бөхчүүдийг сүмод оруулж байв.
2015 онд 30 настай байхдаа Хакүхо залуу бөхчүүдийн талаар “Мэргэжилд ороод эхний 3-4 жилдээ би сайжирч, дээшилж чадна гэдэг итгэлтэй болоосой гэж хүсдэг. Анхнаасаа л хүчтэй, ур чадвартай хүн гэж үгүй. Надад ч тийм үе байсан. Өөрийнхөө сул талыг хэр хурдан олж мэдрэн, засаж явахаас их зүйл шалтгаалдаг” гэж ярьж байлаа.
Монголоос 15 настай Японд ирэх үедээ тэр 62 кг жинтэй жаахан хүү байсан. Тэр бяцхан хүү харь орны үндэсний бөхөөр оргилд хүрж чадсан нь гайхамшиг. Ёкозүна болсон хойноо ч Хакүхо өглөөний бэлтгэл дээр алгасахгүй үндсэн дасгалуудаа хийж, хөлсөө асгаруулсаар байдаг байлаа.
Ишиүра, Энхо хоёр ч анх мэргэжилд орж байсан үеийн хүсэл, тэмүүллээ марталгүй, залхууралгүй, хичээн зүтгэсээр жижигхэн биетэй ч дээд зиндаад дэвшиж чадсан билээ.
Миягино ояката шинэ юм сурах хүсэл, эрмэлзэл дүүрэн, шинийг сурахдаа нүд нь гялалздаг тийм л хүн байсан.
Өрсөлдөгчөө мэх хийхийг хүлээж байгаад босож байгаа мэт харагдав ч тачиай дээр өрсөлдөгчөө давамгайлах ёкозүна барилдаан. 69 дараалан давсан түүхэн амжилтын эзэн Фүтабаяма ингэж барилддаг байсныг сонсоод тэрээр зодог тайлах хүртлээ тэгэж л барилддаг байсан.
“Өөрийн арга барил, хэв маягийг бүтээх нь ёкозүна. Хамгийн гол нь өдөр тутмын бэлтгэл” гэж тэр хэлж байлаа.
Түрүүлсэн тоо, нийт даваагаар түүхэн амжилт тогтоосон ч Хакүхо өмнөх үеийнхээ жишээн дээр өөрийгөө хурцалсаар, төгс болгосоор байсан.
Тэгвэл одоогийн сүмочид дотор сүмогийн түүхийг огт сонирхдоггүй бөх олон. Дээд зиндааны нэгэн бөх “Би сүмо сайн мэдэхгүй. “Sanctuary” гэдэг кино л үзсэн” гэж ярьж байхыг харж байлаа.
Миягино оякатагийн зарим үг, үйлдэл маргаан дагуулж байсан ч тэрээр уламжлал, ёс зүйг эрхэмлэдэг сүмогийн ертөнцөд өөрийн гэсэн арга барилаар дасан зохицохыг хичээсэн. Энэ удаагийн түүний шийдвэр сүмо ертөнцийг цаашид авч явах ёстой байсан бас нэг хүн гараад явлаа гэсэн үг.
Олон сайн бөх гаргаж байгаа оюутны сүмогийн нэгэн дасгалжуулагч “Жинхэнэ их аварга гэж хүндлэгддэг хүн явна гэдэг сүмо бөхөд маш хохиролтой зүйл. Миягино дэвжээнд оруулья гэж бодож байсан шавь надад байлаа” гэж харамсаж байгаа нь нэгийг өгүүлнэ.
Өөрийг нь давсан, хүчирхэг шавь гаргах мөрөөдөлтэй байсан Хакүхо харин тун ирээдүйтэй гэгдсэн шавийнхаа балгаар ийнхүү сүмог орхих боллоо. “Ирээдүйн Хакүхо”-г төрүүлэх гэсэн хүсэл нь биелэхгүй болжээ.
Сүмогийн холбоо сүүлийн хэдэн жил л Хакүхог шахаж нүүрээ буруулсаар л ирсэн дээ.
Токиогийн олимпын нээлтэд аваргын ёсолгоо хийлгэнэ гэсэн ч хийлгээгүй.
Зодог тайлаад Хакүхо гэсэн нэртэй дэвжээ нээх эрхийг нь өгөөгүй. ( +20 түрүүлсэн Дай Ёкозүна нар өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй болдог билээ.
Шавь нь туслахаа зодоход арга хэмжээ авч дэвжээг нь шууд хаасан.
Өөр дэвжээнүүд дээр зодооны хэргүүд гарч л байдаг. Зодсон бөхөд л хариуцлага тооцохоос Дэвжээг нь гэхдээ хаахгүй л өнгөрсөн дөө.
Дэвжээг нь хаагаад 1 жилийн дараа авч хэлэлцэнэ гэтэл хэлэлцээгүй тул аваргын тэвчээр барагдаж холбооноос гарлаа.
Хакүхогийн инстаграм үлдээч гэсэн сэтгэгдэл дүүрэн байлаа.
Японы сүмо бөхийн холбооноос гарахаар болсон их аварга Хакүхо буюу Миягино оякатагийн инстаграм хуудас бөх сонирхогчдын үлдээч, битгий яваас гэсэн хүсэлтэд дарагджээ. Хакүхо одоо Монголд байгаа бөгөөд аавынхаа дурсгалын хөшөөний нээлтэд оролцох гэж байгаа билээ.
Түүний хамгийн сүүлд оруулсан зурган доор бөх сонирхогчид харамслын үг, сэтгэгдэл үлдээсээр байна. Заримаас нь дурдвал:
“Ажлаа битгий орхи л доо”
“Бодлоо өөрчлөөч”
“Сүмо холбоонд та маш их хэрэгтэй”
“Миягино дэвжээгээ дахин сэргээхийг тань хармаар байна”
“Сүмо холбоо шударга бай л даа”
“Ояката хийхээ больсон ч үргэлж дэмжиж явна шүү”
“Холбооноос гарсан ч хайртай хэвээр шүү”
“Цаашдаа юу ч хийсэн байнга дэмжинэ”
“Аз жаргал хүсэн ерөөе”
“Миягино дэвжээний асуудал Хокүсэйхо зодог тайлж, дэвжээ 1 жил хаагдсанаар шийдэгдсэн шүү дээ. Холбоонд хэлэхэд хэрэв бөхчүүд, багш нарыг ингэж шийтгэх юм бол бүгдэд нь ижил, шударга шийтгэдэг баймаар байна. Хакүхо та бол сүмогийн үнэт эрдэнэ шүү”
“Сүмогийн холбооны үйл ажиллагаа шударга биш байна. Япон хүнээс илүү япон зүрх сэтгэлтэй Миягино оякатаг холбооноос гаргана гэж байж болохгүй. Бөхөд хайртай бид Хакүхо аваргаа дэмжсээр байх болно”
“Битгий бууж өг л дөө. Болино гэдэг чинь ялагдлаа гэсэн үг”
“Ямар хүнд зам туулж, сүмо бөхийн оргилд гарсныг чинь харсаар ирсэн. Үнэхээр харамсалтай”
“Таны сүмод оруулж, өсгөж хүмүүжүүлсэн Хакүүхо, Күсано нар яах болж байна? Хэн тэднийг тан шиг хүчтэй болгох вэ”
“60 жил сүмо үзсэн миний хувьд та жинхэнэ их аварга байлаа. Таны хүндэлдэг Фүтабаяма аварга Токицүказэ тэргүүний хамт сүмод өөрчлөлт хийсэн шиг таныг сүмо ертөнцийг өөрчилнө гэдэгт итгэж байлаа”
“Сүмо холбоонд үнэхээр уур хүрч байна”
“Сүмод төдийгүй, Японд хэрэгтэй хүн”
“Таныг ч, таны шавь нарыг ч цаашдаа дэмжиж байх болно”
“Таны ачаар сүмод дуртай болсон хүн билээ би. Хэн нэг нь юу ч хэлсэн байлаа гэсэн Хакүхо бол үүрд дурсагдах баатар билээ. Их аваргын гаргасан шийдвэр болохоор хүндэлж байна. Та бол сүмод хайртай, сүмод хайрлагдсан, сүмогийн бурханд хайртай, тэр Бурханд хайрлагдсан эр билээ. Хэзээ нэгэн цагт сүмо бөх таныг үгүйлэх, буцааж авчрахыг хүсэх цаг ирнэ. Сүмогийн Бурхан тэнгэр танд зөв замыг зааж өгнө гэдэгт итгэлтэй байна. Бүх хүчтэй өрсөлдөгчдөө ялж ирснийхээ нэгэн адил эцэст нь ялах нь Хакүхо байх болно”
“Ээж минь энэ мэдээг уншаад бүтэн өдөр ууртай байлаа. Энэ маягаар байвал Сүмогийн холбоо устаж, алга болно”
Эх сурвалж: М.СУГАР-ЭРДЭНЭ
2025.06.02











