Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ч.Болортуяа МАН-ын Бага хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг нийтэлжээ. Тухайлбал, "Хамтарсан Засгийн газар одоогийнхоороо явах эсэх намд сөрөг нөлөөтэй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн тал орчим нь, Бага хурлын гишүүдийн ч бараг тал нь үзэж байх шиг байна. Миний хувьд хамтралын давуу талууд буюу олон жил гацсан төсөл, хөтөлбөр эхнээсээ хэрэгжиж эхэлсэн тухай хэллээ. Мөн улс төрийн намын хувьд сөрөг талууд ч байгааг хэллээ. Та бүхэн өөрийн оюун бодолдоо тунгаагаад шийдвэрээ гаргаарай" гэжээ. Мөн "Гэхдээ хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт “Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгон” тусгасныг онцолсон.
Одоогийн хамтралд хүрэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд миний зүгээс маш их хүчин чармайлт гаргасан. Ардчилсан нам, ХҮН намын хувьд ч маш том зориг, тэвчээр гаргасан учир та бүхэн одоогийнхоороо явах боломжгүй гэж үзвэл би ёс зүйн хариуцлага хүлээж огцрох нь зөв сонголт болно. Гэхдээ улс орны эрх ашгийг бодолцон одоогийн хамтралыг үргэлжлүүлбэл би итгэл хүлээн ажлаа үргэлжлүүлнэ ээ" гэсэн байна.







