Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ. 2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Эстони Улсад айлчилж, тус улсын цахим засаглалын сайн туршлагыг судалж, “Цахим Монгол” төслийн баг Эстонийн e-Governance Academy-тай хамтран ажилласнаар E-Mongolia платформын эхлэлийг тавьсан. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр, “Алсын хараа–2050” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор “E-Mongolia” системийг 2020 оны аравдугаар сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулсан билээ. Харин өнөөдөр E-Mongolia платформд 88 байгууллага 1264 үйлчилгээ цахимаар үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 88 хувь нь ашиглаж, дээрх хугацаанд нийт 73.6 сая удаагийн үйлчилгээ авч, 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэжээ хэмээн мэдээллээ.







