ИТХ-ын нөхөн сонгуульд дөрвөн нам оролцохоор бүртгүүлжээ

388
ИТХ-ын нөхөн сонгуульд дөрвөн нам оролцохоор бүртгүүлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд МАН, АН, ХҮН, ИЗНН оролцохоо илэрхийлжээ. Нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд дөрөвдүгээр сарын 23-наас өмнө ирүүлэх, тухайн шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасан. Хоёр аймгийн ИТХ-ын тус бүр нэг мандатын төлөөх нөхөн сонгуульд дээрх дөрвөн нам оролцохоо илэрхийлснийг аймгийн сонгуулийн хороо бүртгэх шийдвэр гаргажээ.

Сумын ИТХ-ын 61 мандатад нөхөн сонгууль явуулах ба МАН 50, АН 43, ХҮН зургаа, ИЗНН  нэг мандатад бүртгүүлсэн байна. Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 8-14-нийг дуустал үргэлжилнэ. Улмаар нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугаар сарын 17-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх юм. Сонгуулийн хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэн тогтоол гаргаж, зургаадугаар сарын 7-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн саналыг зургаадугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 07:00-20:00 хүртэл авах юм.

Шинэ мэдээ
Их уншигдсэн