УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг өчигдөр хүлээн авч уулзсан ба уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцжээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын шаардлагад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл бүхий шинэ парламент олон нийтийн дуу хоолой, эрх чөлөөг хангахад чиглэн ажиллаж буйгаа онцоллоо. Энэ удаагийн парламент нь анх удаа сонгогдсон олон гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн тул аливаа асуудалд нээлттэй хандаж, олон ургальч байдлаар, хуульд заасан процессын дагуу хэлэлцэнэ гэдгийг тодотгов.
Харин жагсагчдын төлөөлөл бидний хувьд гурван шаардлага тавьж байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайд хариуцлага хүлээж ажлаа өгөх, хоёрдугаарт, эвслийн Засгийн газрыг дэмжихгүй бөгөөд парламент сөрөг хүчинтэй байх, гуравдугаарт, Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, парламент хяналтын чиг үүргээ сайжруулж, хүчний тэнцвэрээ хадгалах, сөрөг хүчинтэйгээр ажиллах ёстой гэлээ.












