УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Миний хувьд төртэй бизнес хийж үзээгүй. Нэг ч удаа тендер авч үзээгүй. Тэгж ажилладаггүй бизнес эрхлэгч зөндөө байгаа. Заавал тэгж бизнес хийх шаардлага ч байхгүй. Миний араас 7, 8 жил явсан л даа, ухахад юм гарч таараа гээд. Байхгүй юм чинь гараагүй, гүтгээд бичдэг. Би сайд ч болохгүй, Байнгын хорооны дарга ч болохгүй” гэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.22/ хуралдаанд оролцохдоо гомдоллов.
Хэдэн жилийн өмнө “Зорчигч Тээврийн Нэгтгэлийн III бааз” –ын 2.5 га газрын үнэлгээг 10 тэрбумаар буулган хамаарал бүхий компаниараа хувьчилж авсан дуулианд нэр холбогдож явсан Ж.Ганбаатар гишүүн ийн өнөөдөр өөрийгөө энхийн цагаан тагтаа мэт магтаж сууна.
Түүний хувьд өөрийгөө өндөрт гарган магтаж, өрөөл бусдыг өөлөх болсон нь албан тушаалгүй хоосон хоцорсноос үүдэлтэй ч гэх нь бий.
УИХ-ын 2024 оны сонгуульд МАН хамгийн олон суудал авч Засгийн газрыг дангаараа байгуулах боломж байсан ч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан нам, ХҮН намд урилга илгээн, хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар МАН дотор сайдын суудал горилж байсан олон гишүүн хоосон хоцорч сул гишүүн болсон. Зарим нэг нь ор алдахаар тал алд гээд Байнгын хорооны дарга болсон. Харин Ж.Ганбаатар гишүүний хувьд сул гишүүн хэвээр байгаа юм.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2796628/












