Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүл үеэс эхлэн ам.долларын ханш тогтмол өсч 3600 төгрөгийг давсан. Сүүлийн долоо хоногийн хугацаанд долларын ханш харьцангуй тогтворжжээ. Тодруулбал, ам.долларын ханш өчигдрийн байдлаар /2025.05.28/ 3573 төгрөгтэй тэнцэж байна. Харин Найман шарга валют арилжааны захад ам.долларын худалдан авах үнэ 3591 төгрөг байгаа бол худалдах ханш 3597 төгрөг гэж байв. Энэ нь өмнөх өдрийнхөөс нэг төгрөгөөр буурсан дүн аж. Харин арилжааны банкуудад бэлэн зарах үнэ нь 3588-3592 төгрөгийн ханштай байна.
Одоогоос нэг долоо хоногийн өмнө /2025.05.20/ Найман шарга захад ам.доллар худалдан авах үнэ 3598 төгрөг, худалдах үнэ 3605 төгрөг байжээ.Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд буюу яг зургаан сарын өмнө ам.долларын ханш 3417 төгрөгтэй тэнцэж байсан. Харин мөн оны аравдугаар сард 3382 төгрөгтэй тэнцэж байжээ. 2025 оны дөрөвдүгээр сард Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш 3541 төгрөг болж өнгөрсөн жилийн мөн үеэс 165 төгрөгөөр суларсан байна. Харин өмнөх сараас 66.2 төгрөгөөр суларсан. Тэгвэл, төгрөгийн евротой харьцах ханш 3978 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 355 төгрөгөөр, төгрөгийн рубльтэй харьцах ханш 42 төгрөгтэй тэнцэж өнгөрсөн оны энэ үеэс 6 төгрөгөөр, төгрөгийн юаньтай харьцах ханш 485 төгрөгтэй тэнцэж 2024 оны дөрөвдүгээр сараас 18 төгрөгөөр тус тус суларсан гэж Үндэсний статистикийн хорооны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил мэдээлжээ.
Монголбанкин дахь гадаад валютын албан нөөц 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 5 тэрбум ам.долларт хүрсэн юм.












