Өмнөд Солонгос улс дотоодын худалдан авалтыг дэмжих зорилгоор долоодугаар сарын 21-нд бүх иргэндээ бэлэн мөнгө тараахаар болжээ.Тодруулбал, орлогын түвшин бага, өрх толгойлсон гэр бүлд 300 мянган вон, амьжиргааны суурь тэтгэмжид 400 мянган вон олгоно.
Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжихийн тулд Кёнги муж, Инчон зэрэг Сөүл хотын гаднах оршин суугчдад нэмэлт 30 мянган вон олгоно. Улсын хэмжээнд хүн амын тоо буурах хандлагатай байгаа хөдөө орон нутаг, загас агнуурын 84 нийгэмлэгт амьдардаг хүмүүст нэмэлт 50 мянган воны тэтгэмж олгоно.
Гадаадын иргэдийг энэхүү хөтөлбөрт оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Гэхдээ байнгын оршин суугч, Өмнөд Солонгосын иргэнтэй гэр бүл болсон, дүрвэгсдээр хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүнд мөнгөн тэтгэмж олгоно. "Хэрэглээний купон" гэж тодорхойлж буй хөтөлбөр есдүгээр сарын 12-ныг хүртэл найман долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Иргэд зээлийн болон дебит карт, урьдчилсан төлбөрт карт, орон нутгийн засгийн газраас олгосон бэлгийн гэрчилгээ гэсэн хэд хэдэн аргын аль нэгээр дамжуулан хэрэглээний купон авах боломжтой.
Мөн есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 31-ний хооронд хоёр дахь ээлжийн хэрэглээний купон олгох бөгөөд өмнөх үнийн дүнгээсээ 100 мянган вон нэмж олгох юм байна.
Өмнөд Солонгосын дотоод хэргийн дэд сайд Ким Мин Жэ хэлэхдээ, "Хэрэглээг нэмэгдүүлж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх замаар эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Мөн эдийн засгийг сэргээх хурдасгуур болгохын тулд бэлтгэл ажлыг сайтар хангана" гэж мэдэгджээ.




