Б.Пүрэвдорж: Ноолуурыг бид дотооддоо авахаас өөр аргагүй болж байна

423
Б.Пүрэвдорж: Ноолуурыг бид дотооддоо авахаас өөр аргагүй болж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах санал дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Л.Соронзонболд уншиж танилцууллаа. Тэрбээр "УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинээс УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналыг 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны дөрөвдүгээр сарын 9,15,16-ны өдрүүдийн хуралдаанаар хэлэлцлээ.

УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах УИХ-ын гишүүний саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь нь дэмжсэн болно. Иймд байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдээс хүсч байна гэв. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

–УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний гаргасан санаачилгыг дэмжиж байна. Түүнчлэн ноолуурын тухай хэдэн зүйл ярья. Хятадууд ноолуур аваад Хэбэй муж руу аваачин амьдарч байгаа хүмүүс гэртээ хүртэл ноолуур самнаад байж байдаг. Авсан ноолуураа Монголын ноолуур гэж хэлээд Итали руу гаргадаг. Заримыг нь торготой холиод янз бүрийн бүтээгдэхүүн болгодог. Тиймээс самнасан ноолуур гаргах төслийг Ж.Бат-Эрдэнэ сайдын үед санаачилсан. Үүнийг УИХ жил бүр хойшлуулаад яваад байсан юм аа. 2020 онд дөнгөж 40 тонн ноолуур Итали руу гардаг байсан бол УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлснээр 1000 орчим тонн болж нэмэгдсэн. Одоогоор худалдааны тарифаас болоод Хятад улс ноолуур авахгүй байгаа. Тэгэхээр Хятадаас мөнгө ирэхгүй байна гэсэн үг. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид зүүн аймгуудаас ноолуурыг өмнө жилээс 10 мянган төгрөгөөр доогуур үнээр авсан. Харин одоо үндэсний үйлдвэрлэгчид баруун аймгийн ноолуурыг авах санхүүжилтгүй болоод байна. Ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-УИХ-аас анх удаа Үндсэн хуулийн Цэцэд хандан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргах гэж байгаа. Анхны гэдэг утгаараа цаашид зөв жишиг болно гэж бодож байна. УИХ хүсэлт гаргасан тохиолдолд Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэх ү,ү үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцдэггүй. Шууд үүсгээд, цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдвэрлэдэг горимтой. Цаашдаа УИХ олон асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах байх гэж бодож байна. Хөгжлийн банкны сонсголын үеэр Дав.Цогтбаатар гишүүнийг гэм буруутай гэж харж байгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарчхаад байна. О.Алтангэрэл сайд "Дав.Цогтбаатар гишүүний асуудал хуулийн мухардалд орсон" гэж байна лээ. Хуульд мухардал гэж байхгүй. Хэрвээ мухардалд орсон бол Үндсэн хуулийн цэц мухардлыг арилгах чиг үүрэгтэй. УИХ мухардсан бол Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Бид Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн байна гэдэг Үндсэн хуультай атлаа УИХ нь ард иргэдээсээ хууль биелүүл гэж шаардах улс төр, эрх зүй, ёс суртахууны эрх байхгүй болж байгаа юм.

Шинэ мэдээ
Их уншигдсэн