"Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ ар гэрийнхэнтэйгээ холбоо барилгүй 16 хонож байна. Түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ сургийг нь гаргахаар Малайз улсыг зорьсон бөгөөд очсон эхний өдрөө "Хүний наймаа бололтой. Цагдаа дээр байна. Орчуулагч яаралтай холбогдоно уу" хэмээн цахимд мэдээлсэн юм. Харин Гадаад харилцааны яам "Б.Оргил-Эрдэнийн ар гэрийнхний хүсэлтийг хүлээн авч, түүнийг албан ёсоор эрэн хайхаар болсон. Малайзын цагдаа, эмнэлэг гээд холбогдох газруудаас лавлахад одоогоор энэ хүний талаарх мэдээлэл алга" гэсэн ажээ.
Өнөөдрийн байдлаар Малайзын хэвлэл, сайтуудаар Б.Орги-Эрдэнийн зургийг цацаж эхэлжээ. Дүү Б.Од-Эрдэнэ "Ямартай ч хайлтаа зогсоохгүй үргэлжлүүлээд бид явна. Монгол хүний хийморь сүлд доройтох болоогүй. Сураг ажиг нь олдоно гэсэн зорилготой, зогсолтгүй, өдөр шөнөгүй хайж байна. Муулаад байдаг нөхөд, та нарт бол хамаагүй !!! Та нарт үнэлэгдэхгүй ч найз нөхөд болон төрсөн бидэндээ хамгийн үнэ цэнтэй хүн. Эцгийн минь оронд эцэг болж, үүргээ гүйцэтгэсээр ирсэн хүн! Энэ улсын сайхан, муухай бүхий л замаар нь, хөл хөдөлгөөн ихтэй гэсэн газар болгоныг нэгжээд явна. Энэ улсад Элчин сайд гэж байгаад татан буугдсан юм байна" гэлээ. Ямартай ч, Б.Оргил-Эрдэнийг эрэн хайх ажиллагааг дүү нь зогсолтгүй үргэлжлүүлж, мөн Монголын Гадаад харилцааны яам албан шугмаараа албан ёсоор эрэн хайгаад эхэлжээ.


