Манай улсын ахмад настнуудын тэтгэвэр 2026 оноос ижил хэмжээгээр нэмэгдэхээр боллоо. Засгийн газар болон холбогдох яамд тэтгэврийг нэмэгдүүлэх таван хувилбарыг хэлэлцсэний дараа бүх тэтгэвэр авагчдад тэгшитгэсэн байдлаар 80 мянган төгрөг нэмж олгох шийдвэрийг сонгосон байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэхдээ:
“Тэтгэврийг нэмэгдүүлэх таван хувилбараас нийт 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмадад хуваарилж, хүн бүрийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэх нь шударга хувилбар гэж үзсэн гэсэн тооцоо гарсан” гэлээ.
Анх Засгийн газраас 2026 онд тэтгэврийн нэмэгдлийг 6 хувь, харин УИХ-аас 8 хувь болгохоор тус тус батлаад байсан. Үүнтэй уялдуулан 2026 оны төсөвт 474.7 тэрбум төгрөг суулгасан байна. Гэвч салбарын яамны боловсруулсан таван хувилбарыг нэгтгэн үзээд бүх ахмадуудад тэгш хэмжээний нэмэгдэл олгох нь илүү оновчтой гэж үзжээ. Шийдвэр 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ.
Сэтгүүлч Х.Бямбадалай












