Билл Гейтсийн үзэж байгаагаар, арван жилийн дараа хүмүүс долоо хоногт хоёрхон өдөр ажилладаг болох гэнэ. Учир нь, хиймэл оюун ухаан (AI) олон төрлийн ажлыг хүний оронд гүйцэтгэдэг болж, ажил амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөнө гэдгийг тэрбээр ярьжээ.
Хоёр өдөр ажиллаад таван өдөр амрах нь төрөлтийг нэмэгдүүлж, хүмүүсийн ядралт, туйлдалтыг бууруулах аж. Одоогоор зарим улсад туршиж буй ажлын дөрвөн өдөр нь эерэг үр дүнгээ өгч эхэлжээ. Жишээлбэл, нэг компани ажлын дөрвөн өдөртэй болсноор бүтээмж 24 хувиар өсөж, ядралт, туйлдлын түвшин хоёр дахин буурсан байна. Мөн Токио хотын захиргаа төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд ажлын дөрвөн өдөртэй болохоо зарласан.
Билл Гейтс эмч, багш зэрэг зарим мэргэжил удахгүй AI-д шилжих нь тодорхой гэж үзэж байгаа бөгөөд энэ нь нийгмийн нийтлэг сайн сайхны төлөө ашигтай байж магадгүй гэжээ.
Тиймдээ ч шинэ бөгөөд тодорхойгүй технологийн эринд бизнесээ амжилттай авч явахын тулд AI-г эсэргүүцэх бус, аль болох хурдан хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг онцолж байна.


