Таван жилийн давтамжтай явуулдаг “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт" судалгааны дүн гарчээ. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 70 гаруй хувь нь ямар нэгэн зээлтэй бол өрхийн орлогын гол хувийг зөвхөн цалин эзэлж, нэмэлт орлого байхгүй гэж судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь хариулжээ. Хэрэглээнээс давсан зардлаа нөхөхдөө өрхүүд голчлон банкнаас зээл авах, бусдаас мөнгө зээлэх тохиолдол өндөр байсан бол сүүлийн жилүүдэд энэ төрлийн зардлыг аппликэйшний зээл авч нөхөх тохиолдол түгээмэл болжээ.
Аппликэйшний зээл хэрэглэгчдийг насны бүлгээр нь авч үзвэл 18-35 насныхан дийлэнх буюу 60 гаруй хувийг, боловсролын түвшингээр нь ангилбал дээд боловсролтой хүмүүс 50 гаруй хувийг дангаар эзэлж байна. Дээрх судалгааны үр дүнг нэгтгэж харвал айл өрхүүд нэмэлт орлогогүй хэрнээ нэмэлт зээл олноор авч, нэг зээлийг нөгөө зээлээр төлөх өрийн гинжин хэлхээнд орсон байна. Мөн тэвчиж болох зардлаас татгалзах хандлага үгүй болж, зээл авах боломж л гарвал зайлшгүй шаардлагагүй зүйлсэд мөнгө үрэх тохиолдол түгээмэл болсон нь харагджээ.