Австрийн орчин цагийн түүхэн дэх хамгийн аймшигт галт зэвсгийн халдлага Мягмар гаригт болжээ. Тодруулбал, Австрийн хоёр дахь том хот Гразын нэгэн сургуульд буутай этгээд гал нээж, 11 хүний амиа алдав.
Халдлага болох үед өглөөний ээлжийн ангиуд хичээллэж байжээ. Зарим хүүхэд төгсөлтийн шалгалтаа өгч байв.Цагдаа нар 17 минутын дотор нөхцөл байдлыг хяналтдаа авчээ. Эхэндээ зургаан эмэгтэй, гурван эрэгтэй буюу нийт есөн хүн нас барсан байсан. Гэвч хэдэн цагийн дараа дахин нэг эмэгтэй эмнэлэгт нас баржээ. Арван нэг дэх хүн нь буутай иргэн өөрөө юм. 21 настай Австрийн иргэн тэрээр өөрийгөө хороожээ. Тэрээр тус сургуульд сурч байсан бөгөөд хэзээ ч төгсөлтийн шалгалтдаа тэнцэж байгаагүй, дээрэлхэлтийн бай болж байсан гэж өөрийгөө хэлсэн байдаг.
Энэ талаар Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Беллен хэлэхдээ "Энэ аймшигийг үгээр илэрхийлэх аргагүй. Граз хотын сургуульд болсон явдал манай хотын зүрхэнд сум зоов. Өмнө нь бүтэн амьдрал хүлээж байсан залуу хүмүүс шүү дээ. Нэг багш нь тэднийг замчлан явлаа. Үлдэж хоцорсон аав, ээж, эмээ, өвөө, ах дүү, найз нөхдийнх нь уй гашууг юу ч хөнгөвчилж чадахгүй" гэв.Граз нь зохион байгуулалт, хяналт сайтай, нам гүм, үзэсгэлэнтэй хот. Гэвч ийм хотод аймшигт халдлага гарсан нь олныг цочроолоо.
Аймшигт халдлагатай холбоотойгоор Австри даяар гурван өдрийн гашуудал зарлалаа. Вена дахь ерөнхийлөгчийн ордны гадаах тугийг хагас бөхийлгөнө.
Австрит сургуулийн халдлага болж байсан тохиолдол тун цөөн. Сүүлийн жилүүдэд тод тэмдэглэгдэн үлдсэн дөрвөн халдлага байдаг нь 1993, 1997, 2012, 2018 онууд юм. Эдгээр нь олон хүний амь хохирсон хэрэг байгаагүй. Харин 2020 онд Вена хотод болсон галт зэвсэгтэй халдлагаар дөрвөн хүн нас барж, 22 хүн гэмтэж бэртэж байжээ.











