Өнөө цагт дээврийн хонгилд шувуу, тагтааны сэрхийх дуу чимээ сонссон шигээ хичээллэж байна гэвэл та итгэх үү. Нийслэлийн төвд байрлах ерөнхий боловсролын арван жилийн 45 дугаар дунд сургуулийн долоодугаар ангийн сурагчид өмнө агуулах байсан сургуулийнхаа дээврийн хөндийд хичээллээд багагүй уджээ. Сургуулийг нь буулган шинээр барина гэсэн ч хэзээ гэдэг нь тодорхойгүй гацсанаас сурагчдыг тагтаа нартаа айлсуулан нэгэн дээвэр дор хичээллүүлж байна. Дээврийн салхи нэвт сийгэх онгорхой цоорхойг элдэв зүйлсээр бөглөж, дээврийн завсраар тагтаануудын гунганалдах чимээ сонсогдож, ид хичээл орж байхад анхаарал төвлөрдөггүй. Их дуу чимээнд нь цочих нь их. Дээврийн хонгил агаар муугаас толгой өвдөж, эргэдэг гэдгийг сурагчид хэлж байна. XXI зуунд сурагчид дээврийн хөндийд тагтаа нартаа айлсан хичээллэж буйг Боловсролын сайд, Нийслэлийн боловсролын газрын удирдлагууд мэдэж байгаа юм болов уу. Сурагчдад эрдэм мэдлэг чухал ч тэдний эрүүл мэнд илүүтэй чухал. Удахгүй шалгалт шүүлэг эхлэх тул тус сургуулийн удирдлагууд ингээд ч болов хүүхдүүдийнхээ хичээлийг завсардуулахгүй гэж хичээсэн нь энэ аж. Гэхдээ л хотын төвийн сургууль арай юу?


