Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Монгол эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу хойч үедээ таниулан эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оюун ухаан, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөж, уран зохиолын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Пунцагийн Бадарч болон Монгол Улсын дулааны цахилгаан станцын зуухын тоноглолын засвар, угсралт, туршилт тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, салбарын ажилчдыг сурган дадлагажуулж, тус салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн "Мон-Илч" ХК-ийн үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цагааны Бааст нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Мөн Гавьяат жүжигчин Н.Батцэцэгийг Ардын жүжигчин цолоор, Гавьяат багш С.Төмөр-Очирт Ардын багш цолоор тус тус шагнасан бол уран барималч Ж.Түмэнчулууныг Алтан гадас одонгоор шагнав. Мөн оюун ухааны спортоор амжилтаараа Гиннест бүртгүүлсэн эгч, дүү Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар Гавьяат тамирчин цол хүртлээ.