Гал, галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд /НЭМҮТ/ угаарын хийн хордлоготой холбоотой олон тооны дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тухайлбал, 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр нийт угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 38 тохиолдол гарч, нэг өрхийн хоёр иргэн нас баржээ.
Угаарын хийн хордлого бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар авч үзвэл, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт хоёр, Хан-Уул дүүрэгт зургаа, Баянзүрх дүүрэгт 10 тохиолдол гарсан аж. Нийт угаарын хийн хордлогын 40 хувь нь эрэгтэй, 60 хувь нь эмэгтэй байна. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөрөөс тодруулахад "2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр угаарын хийн хордлогод орсон 81 тохиолдол, гурван нас баралт бүртгэгдсэн. Тухайн угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн дийлэнх хувьд хур тунадас орсон үед түлш бүрэн шатаж дуусаагүй үед яндангаа авч өрхөө битүүлсэн тохиолдол байсан. Мөн 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр 38 тохиолдол бүртгэгдэж хоёр иргэн нас барсан. Угтаа угаар мэдрэгч төхөөрөмж угаар мэдэрсэн үед нэгдсэн систем рүү дохио өгдөг. Нөгөө талаараа тухайн хэсэгт чимээ гаргадаг. Одоогоор нарийн шинжилгээ гараагүй, угаартсан гэж үзэж байгаа. Угаартсан тохиолдолд бага насны хүүхдийг Эх үрсийн эрүүл мэндийн үндэсний төв, насанд хүрсэн иргэд цэргийн төв эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэдэг. Үүнээс гадна тавдугаар сард хүртэл угаарын хийн хордлогод хэдэн иргэд өртсөн байсан. Энэ зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш юм" гэлээ.

Иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авахгүй, өрхөө бүтээхгүй байхыг холбогдох албанаас зөвлөж байна.












