УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийг хэлэлцэн баталлаа.
Төсөвт багш, эмч, төрийн эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилчдын цалин, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 6-12.8 хувиар бууруулах, зарим төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 2025 оны түвшинд байлгах, тэвчиж болох зардлуудыг хойшлуулахаар тусгалаа. Тодруулбал:
-Багш нарын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-ээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-ээс 2,8 сая төгрөгт хүргэхээр тооцож Боловсролын сайдын урсгал зардлыг 518 тэрбум төгрөгөөр,
-Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж Эрүүл мэндийн сайдын урсгал зардлыг 190 тэрбум төгрөгөөр,
-Төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх,
-Ахмад настны тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан тооцож 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 145 тэрбум төгрөгөөр,
-Халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан тооцож 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 19,5 тэрбум төгрөгөөр,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгав.
Эх сурвалж: Монгол Ардын Намын Бүлэг












