“Enjoy AI 2025” олон улсын уралдаанд Говь-Алтай аймгийн Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд дэлхийн аварга боллоо
Монголын бяцхан инженерүүд “Enjoy AI 2025” олон улсын робот, кодчиллын уралдаанд амжилттай оролцож, медаль хүртлээ. Тус тэмцээнд дэлхийн 61 улсын 1000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд манай улсаас 56 оролцогч хүч сорьж, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь улсынхаа боловсролын салбарт томоохон хөшүүрэг болов.
Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, технологийн өсөлт хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Монгол хүүхэд, залуус өөрсдийн чадвараа дэлхийн хэмжээнд сорин, аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Говь-Алтай аймаг “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль, Дархан-Уул аймгийн Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар мөн энэ төрөлд хүрэл медаль хүртжээ.
Өнөөдрийг хүртэл “Enjoy AI” тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч оролцсон бөгөөд Монголын хүүхэд залуус дэлхийн тайзнаа өөрсдийн чадвараа харуулж, шинэ түүхийг эхлүүлж байна. Тус амжилт нь зөвхөн хүүхэд залуусын ур чадварын илрэл төдийгүй, Монголын ирээдүйг технологи, инновацаар цогцлоох зорилгыг бодит болгох томоохон алхам болох нь дамжиггүй юм.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн










