Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Үүсмэл орд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэдэг заалт байдаг. Үүсмэл орд нь стратегийн ордоо түшиглэсэн баялаг. Өнгөрсөн хугацаанд уурхайнуудыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт хийхгүйгээр ашиглуулдаг байсан. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор үүсмэл ордын зөвшөөрлийг олгохдоо ар өврийн хаалгаар авч, гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсоож байна. Нэг ёсондоо уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн бол гэрээ хийдэг болно. Цаашлаад стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг Засгийн газрын тогтоолоор албажууллаа.
Жишээлбэл, "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэсэн гурван үүсмэл орд буюу "Ачит ихт", "Зэс эрдэнийн хувь", "Эрдэнийн" гэсэн компаниудын үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцээрийн явцтай танилцсан гэлээ.


