Д.Амарбаясгалангийн толгойлсон парламентад гэмт хэргийн улмаас гурван шатны шүүхээс ял сонссон, эс бөгөөс гэмт хэргэт шалгуулж буй гишүүд цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд л Дав.Цогтбаатар гишүүний хэргийг элдэв арга саам хэлсээр замхруулж байх шиг байна. Нэгийг нь явуулчихбал ар араасаа цуврах магадлал өндөр учраас ихэд болгоомжтой хандаж байгаа бололтой. МАН-ын дарга авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол улс төрийн дэмжлэг байхгүй шүү хэмээн гишүүддээ хатуухан сануулж байсан цаг саяхан. Гэтэл өдгөө энэ үг агаарт замхарч, гэмт хэрэгтэн ч бай албан тушаалд очдог, хууль тогтоох дээд байгууллагад хууль батлаад сууж байдаг болсон. Сүүлийн жишээ гэвэл Үндэсний Аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлээд буй. Түүнийг "Хөгжлийн банк"-ны хэрэгт холбогдуулан шалгаж, анхан шатны шүүхээс хэргийг цагаатгасан ч УДШ цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр болсон.
Ийм нөхцөл байдалтай байхад Ерөнхий аудиторт нэрийг нь дэвшүүлж, энэ долоо хоногт сонсгол хийн томилохоор болсон. Хууль тогтоох дээд байгууллагад нь хууль огт үйлчлэхгүй, үл тоож байгаагийн бодит жишээ С.Магнайсүрэнгийн томилгоо болох нь. Улс төрд орж, томоохон албан тушаалд томилогдсоноор "хамгаалалтад" ордог байдал энэ удаад ч давтагдах бололтой. Маргааш буюу лхагва гарагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчийн сонсголыг хийхээр товложээ.












