УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганы хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч буй юм.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Энэ хуулийг баталснаар зээлийн хүү, буурна зээлийн эрсдэл буурна гэж байгаа. Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа 500, 600 мянган хүний асуудал байна. Гуравдугаар сарын 7-нд гаргасан шийдвэрээ Монголбанк харж үзээч ээ гэдэг санал тавьсан. Зургаадугаар сарын 24-нд энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн. Гэхдээ хугацааг нь нааш болгох хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Зээлийн хүү буурна. Буурах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, банкууд эрсдэлээ тодорхойлдог болсноор эрсдэл нь буурна. Тэгэхээр өндөр оноотой буюу сайн зээлдэгч нараа урамшуулдаг болно. Мөн тэтгэврийнхэн зэрэг тогтмол зээл төлдөг хүмүүсийн зээлийн оноо өснө. Үүнийг дагаж эрсдэл буурна. Тэр нь зээлийн хүү буурснаар илэрнэ.
Хоёрдугаарт, Зээл авахын тулд “Таньдаг эдийн засагч байна уу?” гэх мэтээр хүнээр яриулах шаардлагагүй болно. Түүний оронд зээлийн оноогоо банкинд үзүүлж, тэр оноо нь тухайн зээлдэгчийг бүрэн илэрхийлэх учир шууд л санхүүгийн үйлчилгээ үзүүлэх суурь нөхцөл үүснэ. Манай хэдэн том банкууд харилцагчийнхаа мэдээллийг бие биедээ хуваалцдаггүй. Тэгэхээр зөвхөн тэр банкны нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авч байна. Харин онооны системийг нэвтрүүлснээр хүссэн банкнаасаа зээл авах боломж бүрдэнэ. Тэгэхээр банкууд зээлийн хүү, таатай нөхцөлөөрөө өрсөлдөх орчин бүрдэнэ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа. Тэтгэврийн зээлийн хязгаарлалт хэзээ дуусах вэ. Сайжруулахгүй юм гэхэд хуучнаар нь байлгамаар байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нийт зээлийн хүүг 100 хувь гэж үзвэл 63 хувь нь эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү байна. Үлдсэн 27 хувьд нь зохицуулалт хийх боломжтой. Эрсдэл 15, үйл ажиллагааны зардал 22 хувь байгаа юм. Онооны системтэй болсноор энэ хоёрт зохицуулалт хийж, зээлийн хүүг бууруулах боломжтой. Хар хагсаалт байхгүй болно. Харин мэдээлэл нь таван жил хадгалагдана. Сайн ч мэдээлэл, муу ч мэдээлэл. Зээлдэгчээс үл хамаараад орлого нь хаагдсан нөхцөл байдлаас зээлээ төлж чадахгүй бол Монголбанк журам батлаад муу зээлдэгчийн ангилалд оруулахгүй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.