Хүүхдийн төлөө байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийг ойг өнөөдөр улс орон даяар тэмдэглэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Хүүхдийн төлөө төрийн хийх ёстой хамгийн гол ажил бол аав ээж, ах эгчийг нь л тогтсон ажилтай, тогтмол орлоготой байхад анхаарах юм шүү дээ. Ажлын байрыг нь албан дарамтаар сөхрүүлээд, хөдөлмөрийнх нь хөлсийг татвар шимтгэлээр ховх сорж, айл гэрийг ядуурал, зовлонд хүргэчихээд зовонгуут хүүхдийг нь салгаж өрөвдөөд “Хүүхдээ л хамгаалъя!” гэж жилд нэг удаа хашгирах нь төр хүүхдийг үнэндээ дэндүү үл тоож байгаа хэрэг.
Татвар, шимтгэл бууруулахаар өргөн барих гээд зүтгээд байгаа хуулиуд бол улирсан сайд нарын яриад байгаа шиг хэдэн компани, ажилтнуудын эрх ашиг төдий биш угтаа тэр айлд өсч байгаа хүүхдүүдийн нойр хоол, эрүүл мэнд, хүн ёсоор бойжих, хөгжих эрхийн асуудал шүү дээ.
Ерөөсөө төрийн бүх ажил өрх бүрийнхээ амжиргааг л баталгаатай болгоход чиглэх нь төр байгаагийн үндсэн зорилго. Түүнээс хүүхдийн төлөө нэртэй байгууллага үүсээд 100 жил болсон байна уу, 1000 жилээ тэмдэглэх байна уу жар далдугаар асуудал" гэв.









