Өнгөрсөн ХХ зууны сүүл, ХХI зууны эхний жилүүдэд Үндэсний бөхийн өнгийг тодорхойлж, бөхийг шимтэн үзэх дуртай хүмүүсийн тоог нэмсэн хүчтэнүүд бол яах аргагүй " Зургаан Залуу Заан"-ууд болно.Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 1964 онд төрсөн хүчит "Луу" жилтэнгүүд болон Улсын аварга О.Балжинням нарыг залгаж гарч ирсэн "Зургаан Залуу Заан"-уудыг дурдвал: Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Б.Ганбат нар юм.
Эдгээр "Зургаан Залуу Заан"-аас хамгийн түрүүнд өөрийн цолыг ахиулж, төрийн наадмын түрүүг хүртсэн хүчтэн бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат өнөөгийн Дархан аварга А.Сүхбат болно.Тэрээр Ардын хувьсгалын 79 жилийн ойн буюу 2000 оны улсын наадамд ес даван түрүүлж, улсын цолыг хүртсэн байдаг. Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын доор эрэмбэлэгддэг байсан тэрээр цолоо ахиулж чадахгүй л юм бол ямагт тунаанд үлдэнэ гэдгээ хатуу ойлгосон А.Сүхбат 2000 онд түрүүлсэн наадмынхаа талаар ингэж хуучилсан байдаг.
Тэрээр" Би Д.Сумъяабазарыг л наадмаар өвдөг шороодуулж чадахгүй юм бол түрүүлнэ гэдэг надад боломжгүй зүйл байсан.Тийм учир түүнийг яаж хаях вэ гэдгээ их удаан бодсон. Түүнийг би шуудагны барьцнаас дийлэхгүй. Сэрүү барьснаас ч хэцүү. Тийм учир дан золгосон байдлаас гар ачаагаар л хаях юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Д.Сумъяабазартаа " Гар ачаа" мэхээ зориулан их удаан бэлдсэн.
2000 оны улсын наадмын өмнөхөн би "Ховд" аймагт очиж барилдан Ч.Батзоригтой үзүүр, түрүүнд үлдсэн. Тэгээд гар ачаагаа хийсэн чинь Ч.Батзориг маань их сүртэй унаж байна. Тэгэхээр нь за болж. Үүнийг л Д.Сумъяабазартаа наадмаар хийнэ шүү дээ гээд улсын наадмаар зодоглов.Долоогийн даваанд Д.Сумъяабазар бид хоёр тунав. Би мэдээж түүнд зориулан удаан хугацаанд бэлдсэн мэхээ яг хийж эхлэхээс өмнө Ч.Батзориг За тэр гар ачлаа гээд хэлж байхад би мэхээ хийж Д.Сумъяабазарыгаа давсан юм. Д.Сумъяабазар маань хэцүү бөх" хэмээн өгүүлж байсан билээ. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга А.Сүхбат болон Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын аварга Д.Сумъяабазар хоёр улсын наадамд хоёр удаа таарч барилдсан түүхтэй.
Тэд харилцан биенээ нэг удаа давсан бөгөөд Залны барилдаануудад Улсын аварга Д.Сумъяабазар дархан аварга А.Сүхбатыг голдуу хаядаг байсан билээ.












